ХАНГАЙН БҮСИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болон бүсийн соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцлаа.

Салбарын урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөөг эдийн засгийн өсөлт, үндэсний бахархал, эв нэгдэл, хүний хөгжил, идэвхтэй, эрүүл дадал хэвшилд тулгуурлан цогцоор нь зураглаж, хэрэгжилтийг бүрэн хангахад орон нутгийн байгууллагуудын идэвх чармайлт, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Хангайн бүсэд нийт 12,859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байгаа бол 68 соёлын байгууллага, 120 спортын барилга байгууламж үйл ажиллагаагаа явуулж байна.

Хангайн бүсийн соёлын салбарт 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 46.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 11 төсөл хэрэгжиж байгаагаас 6 барилга ашиглалтад орох бол спортын салбарт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3 төсөл хэрэгжиж, 1 барилга ашиглалтад орохоор байна.

Цаашид зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээлгүйгээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах, спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх” бол 1%-ийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг орон нутагт ашиглахад хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч ажиллах шаардлагатай байна.

Мөн соёлын салбар гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурласан санхүүжилтийн систем буюу KPI-руу шилжсэнтэй холбогдуулан орон нутгийн соёл урлагийн байгууллагууд төсвөө өөрсдөө бүрдүүлэх, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болсон.

Үүний тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоо, чанарыг нэмэгдүүлэх, явуулын соёлын үйлчилгээ үзүүлэх зэргээр санаачилгатай ажиллах шаардлагатай байгаа талаар удирдах ажилтнууддаа үүрэг, даалгавар өглөө.

Орон нутгийн музей бол тухайн нутгийн үүх түүх, өв соёл, онцлогийг өөртөө шингээж, аялал жуулчлалын нэгэн том бүтээгдэхүүн болж байдаг. Энэ ч утгаараа аймаг, орон нутаг музейгээ шинжлэх ухааны төв болгон хөгжүүлж, дэглэлт дээрээ ач холбогдол өгч, сайжруулах шаардлагатай.

Соёл, аялал жуулчлалын салбар нэгдсэн учир цаашид орон нутгийн музейн ажилтнууд, тэр дундаа сумын соёлын төвийн соёлын өвийн ажилтнуудыг мэргэжлийн хөтөч, англи хэлний сургалтад хамруулж, аялал жуулчлалын мэдээллийн төвийг хариуцуулж ажиллахаар төлөвлөж байна.

Салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн бодит экспортыг нэмэгдүүлэхийн төлөө орон нутаг, харьяа байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллах болно.