
Дулааны эрчим хүчний тухай анхны хуулийн төслийн талаар тус Ажлын хэсгийн гүйцэтгэх багийн хуулийн зөвлөх С.Амаржаргал мэдээлэл өглөө.(2025.04.30) Тус мэдээлэл нь дулаан хэрэглэгч нарт хамгийн чухал гэж үзсэн асуудлуудыг сонгосон байна.
1. Дулааныг хэмнэх буюу хэрэглэгчид дулааныг хэмжиж байж хэмнэж чадна. Өнөөгийн байдлаар олон янзын хэмжих хэрэгсэл ашиглан дулааныг хэмжиж байна. Тухайлбал, тухайн барилгын хэмжээ, дулааны тоолуур зэргээр хэмждэг. Шинэ хуулийн төсөлд дулааныг зөвхөн тоолуураар хэмжинэ гэж оруулсан. Хэрэглэгчид өөрийн хэрэглэсэн хэмжээгээр төлбөр төлнө. Хэмнэдэг болсноор дулааны системийн ачаалал буурна гэж харж байна.
2. Дулаан хангамжинд холбогдох байдлыг эрх, тэгш болгож хуулиар зохицуулна. Одоо хуулийн зохицуулалтгүй, зөвхөн дүрэм, журмаар зохицуулж байна. Хэрэглэгч хувийн зардлаар дулаанд холбогдож болдог. Иймээс хувийн өмчлөлд хоёрдогч, гуравдагч этгээд холбогдох бол яах вэ гэдэг зохицуулалтгүй байгаа. Цааш нь дамлаж зарах ноцтой зөрчил байдаг. Шинэ хуулиар хүссэн хэрэглэгч болгон дулаан хангамжид холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ. Хэрэв хэрэглэгч өөрийн хөрөнгөөр шугам байгуулсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн өмчийн асуудал болно. Хэрэв сүлжээнд шинэ хэрэглэгч холбогдохоор болбол улсын өмчид шилжүүлж, улс тухайн эзэмшигчийн гаргасан хөрөнгийг нөхөж олгох шударга байдлаар зохицуулна.
3. Дулаан хангамжийн системд ангилал үүсгэнэ. Олон улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем нь тэргүүлэх практик болж байна. Эрс тэс уур амьсгалтай улсуудын 90 гаруй хувь нь төвлөрсөн дулаан хангамжаар хангагдаг. Манай улсын дулаан хангамжийн систем дэлхийд томд тооцогддог. Энэ том дэд бүтцийг хот тэлж байгаа үед эдийн засгийн үр ашигтай, техник, технологийн хувьд дэвшилттэй, иргэдэд хүртээмжтэй байдлаар зохицуулахаар хуульд орж ирсэн. Ангиллын онцлог нь хэсэгчилсэн болон бие даасан системийг бий болгоно. Энэ нь ард иргэд төрөөс ямар нэг хязгаарлалт, хатуу зохицуулалтгүй өөрсдийн дулааны хэрэгцээг хэсэгчилсэн болон бие даасан байдлаар хангах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Тусгай зөвшөөрөл шаардахгүй. Ингэснээр илүү хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтыг татсан илүү чөлөөт хууль, эрх зүйн орчныг бий болгоно. Төвлөрсөн дулаан хангамжийн онцлог нь аливаа суурин газрын нийт хэрэглээний олонхыг хангаж байвал бусад шинж нь хангаагүй байсан ч төвлөрсөн дулаан хангамжийн систем болно гэж үзэж байна. Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг зөв авч явах, төр үүрэг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Зөвхөн өөрийн хэрэгцээнд, зарж борлуулахгүй тохиолдолд хэсэгчилсэн болон, бие даасан зохицуулалт руу орно.
4. Монгол Улс эрчим хүчний потенциал өндөртэй учраас дэвшилтэд технологид суурилсан жижиг бие даасан системийг хөгжүүлснээр улс оронд тохирно гэж үзэж байна. Мөн төрийн оролцоог бууруулсан, илүү оновчтой болгоно. Тусгай зөвшөөрлийг шаардлагагүй тохиолдолд шаардахгүй. Системийн салшгүй нэг зүйл бол дулаан хангамжийн бүсчлэлийг төвлөрсөн дулаан хангамжтай холбох байдлаар хуульд оруулсан. Дулаан хангамж нь тодорхой суурьшлын бүсэд, хязгаарлагдмал хүрээнд хангах боломжтой, техник, технологийн хувьд үр ашигтай төлөвлөлтийг шаарддаг онцлогтой. Тиймээс дулаан хангамжийн үр ашигтай бүсүүдийг бий болгохоор хуульд оруулсан.
5. Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хуульд оруулж өгнө. Монгол Улс улсын хөгжлийн цогц хууль, тогтоомжтой болсон. Үүнтэй уялдуулж илүү нарийвчилна. Салбар гэдэг нь мега төсөл хэрэгжүүлэхээс гадна хүний нөөц, санхүү, эдийн засаг, технологийн хөгжил, яаж хөгжүүлж авч явах зэргийг шаарддаг учраас салбарын хөгжлийг улсын хууль, тогтоомжтой уялдуулна. Энэ хүрээнд дулаан хангамжийн бүсийг дулаан хангамжийн хөгжлийн схемчилсэн төлөвлөгөөнд суурилж хийнэ.
6. Дараагийн асуудал бол хуульд “Гурван төгөлдөршил”-ийг хангана. Өнөөдөр хууль, тогтоомж хэтэрхий ерөнхий байсан учраас хүний эрхийн зөрчил давамгайлсан, дүрэм, журмаар нарийн зохицуулалт хийсний улмаас сөрөг үр дагаврууд үүссэн гэж үзэж байна. Салбарт үйлчилдэг 800 гаруй дүрэм, журмыг судалж үзээд аль нь хуульд суух, аль нь дүрэм, журмаар зохицуулдаг хэвээр үлдээх ёстой судалсан. Хуульд орох зохицуулалтад
Хүний эрхэд халдсан, хүний эрхийг хязгаарласан,
Хэрэглэгчдээс авдаг татвар, төлбөр, хураамж,
Хууль тогтоох байгууллагад хамаарсан зохицуулалтыг хуулиар зохицуулахаар болсон. Харин техникийн горим болон байнга өөрчлөгдөх шинжтэй дүрэм, журмыг хэвээр нь үлдээнэ. Энэ хүрээнд хуулийн хэт ерөнхий зохицуулалтыг арилгана.
7. Дулааны үнэ тарифын зөв зохистой байдлыг бий болгоно. Монгол Улсын хэмжээнд хосолсон үйлдвэрлэл явуулдаг станцуудаас гардаг эрчим хүчний 30 хувийг цахилгаан, 70 хувийг дулаан бүрдүүлдэг. Гэтэл орлогын 74 хувийг цахилгаан, дулаан 26 хувийг бүрдүүлж байна. Дулааны хангамжийн зардал өртөгтөө нийцэхгүй байна. Иймээс өртөг, зардлаа нөхөхүйц байх бодлогыг хэрэгжүүлнэ. Дулааны дэд бүтэц хөрөнгө оруулалт шаарддаг ажил учраас найдвартай байдлыг хангахыг тулд үнэ тарифыг өртөгт хүргэх, татаас олгох, татварын хөнгөлөлт, хангамжийн эх үүсгүүр, дамжуулах сүлжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Дулаан хангамж гэдэг нь зүй ёсны монопол, төвлөрсөн учраас өрсөлдөөн байх боломжгүй. Иймээс хэрэглэгчийн эрх ашгийг хохироохгүй байх үүднээс үнэ тарифыг мэргэжлийн байгууллага зохицуулна.8. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг Цахилгаан болон Дулааны тухай хуулинд илүү уялдаа холбоотой болгосон.
ҮнэТариф #ХөрөнгөОруулалт #ЭрчимХүчнийРеформ
0 cэтгэгдэлтэй