ЮНЕСКО-ИЙН “ДЭЛХИЙН ДУРСАМЖ” ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН УЛСЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛСААС НЭР ДЭВШҮҮЛСЭН “ХҮЙС ТОЛГОЙН ХӨШӨӨНИЙ БИЧЭЭС” БОЛОН “ДЭЭРЭЭС ТОГТООСОН ДҮРСИЙН ТУС БҮРИЙГ БҮРТГЭСЭН БИЧИГ” БАРИМТАТ ӨВҮҮД БҮРТГЭГДЛЭЭ

ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр чуулган 2025 оны 4 дүгээр сарын 02-17-ны өдрүүдэд Парис хотноо амжилттай хуралдлаа. Чуулганы үеэр улс орнуудаас нэр дэвшүүлсэн 74 баримтат өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын жагсаалтад бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өвүүд маань олон улсын жагсаалтад бүртгэгдсэн сайхан мэдээ ирлээ.

🖋️ “Хүйс толгойн хөшөөний бичээс” өвийн талаар:

📜 Монголын эх нутагт бичигдсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” монгол брахми бичээс өв нь 1400 жилийн өмнө буюу “Чингисийн чулууны бичиг”-ээс 600 орчим жилийн өмнөх үед хамаардаг бөгөөд 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас олдсон түүхтэй.

📜 Уг бичээс нь Монголчуудын түүх, угсаа гарал, соёл, шашин шүтлэг, хэл бичгийн хувьсал өөрчлөлтийг сэргээн тодруулахад чухал ач холбогдолтой сурвалж болж, монгол хэл, бичгийн хөгжлийн түүхийг 600 жилээр урагшлуулсан төдийгүй тухайн үеийн үндэстэн ард түмэн соёлын хувьд бичиг үсгээ солилцон бичгийн дурсгалаа бичиж туурвиж байсны гэрч юм.

🖋️ “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” өвийн талаар:

📜 “Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх бэхэн бийрээр бичсэн 2 боть, 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байна.

📜 Уг бүтээл нь монголчууд нэн эртнээс хүний биеийн бүтцийн талаар өргөн мэдлэгтэй, өвөрмөц нэршилтэй байсныг тодруулахын сацуу түүнийгээ бусад харь орны эрдэмтдийн бүтээлээр баяжуулан хөгжүүлсэн нь онол болон практикийн өндөр ач холбогдолтой юм.

📜 Мөн тус сурвалжийг түүхэн талаас нь авч үзвэл, Өрнийн анагаах ухаан, Монголын анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх хандлага 18 дугаар зуунаас эхэлснийг гэрчилсэн баримт төдийгүй хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн “чухал ой санамж” болж байгаагаараа онцлог юм.