
Монгол Улсын УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёслолын айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд өчигдөр (2025.02.25) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, тэр дундаа дэд бүтэц, боомтын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналыг илэрхийлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв, говийн бүсийг эрчим хүчний дэд төв болгон зарласан гэдгийг Д.Амарбаясгалан хэллээ. Үүнтэй холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох хүрээнд судлагдсан байгаа талбайд том чадлын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станц барьж, цахилгаан эрчим хүчийг БНХАУ-руу экспортлох боломжийн талаар ярилцжээ.
Энэ үеэр Жао Лөжи хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэхээр зорьж буйг хэллээ.
0 cэтгэгдэлтэй