Хөвсгөл аймгийн Зүрх баг цахилгаанаа нарны станцаар хангаж байна

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төв суурингийн цахилгаан эрчим хүчийг нарны цахилгаан станцаар хангадаг. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумд ашиглагдаж байсан 80 кВт нарны цахилгаан үүсгүүр, 60 кВт хүчин чадалтай инвертерийг Зүрх багт шилжүүлсэн юм. Мөн нэмэлтээр Lead Acid төрлийн 480 кВт.цагийн багтаамжтай батарейг суурилуулснаар тус багийн төв цахилгаан эрчим хүчтэй болжээ.

Энэхүү нарны цахилгаан станцын инвертер, батарейны ашиглалтын хугацаа дууссан байна. Тиймээс 2024 оны улсын төсвийн тодотголоор 400 сая төгрөгийг тусгаж, улмаар 100 кВт хүчин чадалтай инвертер, лити-ион төрлийн 325.6 кВт.цагийн багтаамжтай батарейг шинээр Зүрх багт суурилуулжээ. Барилга угсралтын ажлыг “Мичид электро” ХХК гүйцэтгэж (2025.02.24) ашиглалтад оруулсан.

Уг лити-ион батарей цэнэгээ бүрэн хуримтлуулсан үедээ багийн төвийн одоогийн цахилгааны хэрэглээг 2 өдрийн турш хангах боломжтой. Батарейн ашиглалтын хугацаа 15 жил юм.

Зүрх багийн төв бага сургууль, эмнэлэг, цэцэрлэг, 30 гаруй айл өрхтэй томоохон багийн төвүүдийн нэг юм.

#Сэргээгдэх эрчим хүч
#Эрчим хүчний шилжилт