ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “МАРГААШИЙН СОЁЛЫН БОДЛОГЫН ЗҮРХЭНД – БҮХНИЙ ТӨЛӨӨХ УРЛАГ” СЭДВИЙН ДОР СОЁЛЫН САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Соёлын бодлогын хүрээний 2022 оны “Мондиакультын тунхаглал”-д соёл, тогтвортой хөгжил, хүний эрхийн асуудал хоорондын уялдааг онцгойлон тусгаж, бүтээлч үйлдвэрлэлд хиймэл оюун ухаан, дижитал технологийн үзүүлж буй нөлөө, бүтээгчдийн аж амьдрал, хямралын үед соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлуудыг онцолж, улс орнууд соёлын салбар дахь тэгш бус байдлыг арилгах, салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллах үүргийг хүлээсэн.

2025 оны 9 дүгээр сард Мондиакульт буюу тогтвортой хөгжил, соёлын бодлогын дэлхий дахины бага хурлын үеэр Соёлын сайд нар дахин цугларч соёлын бодлогын ирээдүйн талаарх үзэл бодлоо хуваалцахаар бэлтгэж буй энэ цаг үед ЮНЕСКО-оос энэхүү дээд хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, 2030 оноос хойших соёлын болон бүтээлч салбар дахь бодлого, судалгаа шинжилгээ, жендэрийн тэгш байдлын талаарх тэргүүлэх асуудлуудыг тодорхойлон зөвлөмж гаргахаар зорьж байна.

Энэхүү дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын соёлын салбарт тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулах, салбарын охид эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих бодлого, стратеги болон даян дэлхийн ирээдүйн хөгжилд соёлын оруулж буй хувь нэмэр, түүний дотор жендэрийн тэгш байдал чухал болох талаар үзэл бодлоо хуваалцлаа.

Энэ жил Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд соёлын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, ялангуяа эмэгтэйчүүдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тусгайлан авч үзэх, холбогдох судалгааг өргөн хүрээнд хийж, соёлын бодлого, стратегидаа тусган хэрэгжүүлэх нь чухал байгааг оролцогчид онцолж байна.