ЧЕХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРДОН – ПРАГИЙН ШИЛТГЭЭНД “ЧИНГИС ХААН” ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН НАЙРАЛ “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан Монголын ард түмний сэтгэлийн хөг, түүхийн дуулал, хүн төрөлхтний соёлын хосгүй өвийн нэг болсон морин хуурын “Монголын сайхан орон” тоглолт Чехийн Ерөнхийлөгчийн ордонд зохион байгуулагдлаа.

Морин хуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг төдийгүй Монголчуудын сэтгэлгээ, амьдралын хэв маяг, домог түүхтэй салшгүй холбоотой. Ийм ч учраас эрт дээр үеэс монголчууд морин хуурыг амьдрал ахуй, ёс заншил, сүсэг бишрэлийн чухал хэсэг болгон “Амьд хөгжим” хэмээн дээдэлж ирсэн. Өнөөдөр морин хуурын хөг аялгуу Монгол Улсын төдийгүй дэлхийн олон орны тайзнаа эгшиглэж, соёлын элч болон түгэн дэлгэрч байна.

#GoMongolia