“ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА 2020-2025” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН, ТАЙЛАНТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Говьсүмбэр аймгийн иргэдэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, археологийн судалгааны ач холбогдол, шинжлэх ухааны үнэ цэнийг таниулах зорилгоор “Говьсүмбэр аймгийн археологийн судалгаа 2020-2025” гэрэл зургийн үзэсгэлэн, тайлант уулзалтыг Говьсүмбэр аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас амжилттай зохион байгууллаа.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Энхтөр, Сүмбэр сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж нар мэндчилгээ дэвшүүлэв.

“Говьсүмбэр аймгийн археологийн судалгаа 2020-2025” тайлант уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монгол Улсын их сургууль, “Боржигин өв” музейн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.