Нарны баяр – Наурызын баяр

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг ерөөж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Нарны баяр – Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Казах түмэндээ дэвшүүлье.

Бүгд Найрамдах Парагвай Улсад 2024 оны 12 дугаар сарын 02-оос 07-ны өдрүүдэд хуралдсан ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын 19 дүгээр чуулганаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэлтэй “Наурызын баяр” өвийн өргөтгөсөн жагсаалтад Монгол Улсыг нэмж бүртгэсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Та бүхэн домбрын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурызын баяраараа айл саахалт, ахмад буурлууддаа хүндэтгэн золгож, сайхан баярлаарай!

Наурыз мейрамы құтты болсын! ☀️🌅