“ЭРЧИМ ХҮЧНИЙ БОДЛОГО, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”-ЫН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийд тэргүүлэгч “Эрнст энд Янг “ компанитай хамтран “Эрчим хүчний бодлого ба хөрөнгө оруулалтыг холбох нь” сэдэвт олон улсын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Т.Доржханд, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Д.Энхтуяа болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Шадар сайд Т.Доржханд “Эрчим хүчний салбар олон жил шинэчлэлгүй, үр ашиггүй байдалтай байсан тул цэвэр, хямд эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр үндэсний хэмжээнд реформыг эхлүүлээд байна” хэмээн онцлов.

Эрчим хүчний Үндэсний хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаа төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах асуудлыг тэргүүнд тавьж буйг танилцуулав.

Хэлэлцүүлгийг Эцэст энд Янг компанийн Монгол дахь салбарын захирал Б.Мөнхжин удирдан явуулж, тус компанийн олон улсын зөвлөхүүд дэлхийн шилдэг туршлага, хөрөнгө оруулалт татах эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хуваалцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд эрчим хүчний салбарыг либералчлах, зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчит компанийн шинэчлэлийг бодитой эхлүүлэх боломж бүрдэж байгааг оролцогчид онцлов.

REEL: