
“Мongolian photo week” буюу “Монголын гэрэл зургийн долоо хоног” цогц арга хэмжээ “Монголын түүх гэрэл зурагт” сэдэв дор гурав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд долоо хоногийн турш “Гэрэл зураг бол улс орны түүх, урлаг соёлын бүтээл, ховор нандин өв, судалгаа шинжилгээний үнэт зүйл” болохыг олон нийтэд хүргэх, танин мэдүүлэхийг зорьж байна.
Тус өдрүүдэд түүх, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургаар дамжуулан үзэсгэлэнт эх орон, түүх, өв соёлоороо бахархах үзэл, хандлагыг нэмэгдүүлэх, гэрэл зургийн хөгжил, нийгмийн үүрэг, нөлөөллийг дээшлүүлэх хүрээнд үндсэн, тусгай, салбар үзэсгэлэнгүүд Монголын уран зургийн галерей, театрын музей, бусад арт галерейнууд болон 21 аймгийн орон нутгийн музей, галерейд нээлтээ хийгээд байна.
Үзэсгэлэн, арга хэмжээ 4-р сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд үндсэн үзэсгэлэн болох “Монголын түүх гэрэл зурагт”, “Монголын сайхан орон”, “Гэрлээр зурсан сэтгэлгээ” үзэсгэлэнгүүд Монголын уран зургийн галерейд, баримтат гэрэл зургийн “Өв” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд, “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2024” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд, “Нарт тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд, “Тал нутгаас тавхай чинээ” гэрэл зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерей”-д дэлгэгдлээ.
Гэрэл зураг сонирхогчид, ард иргэд Та бүхнийг гэрэл зургийн гайхамшгаар аялахыг урьж байна.
0 cэтгэгдэлтэй