
Аялал жуулчлалын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, салбарын мэдээллийн урсгалыг нэгдсэн платформоор зохион байгуулах зорилгоор “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн цахим платформ”-ийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Гадаадын жуулчдаас авсан судалгаагаар оролцогчдын 65% “Аяллын байгууллагуудаас хамааралгүй бие даан чөлөөтэй аялж чадахгүй” гэсэн сөрөг ойлголттой байна. Иймд бид жуулчид мэдээллийг нэг цонхоор, хялбар, хүртээмжтэй байдлаар авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Нэгдсэн платформ нь англи, монгол, хятад хэл дээр цахим вебсайт, гар утасны аппликейшн хэлбэрээр хөгжих бөгөөд Монгол Улсыг олон улсад албан ёсоор сурталчилж, мэдээллийн хүртээмжийг сайжруулж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц систем байх юм.
Ингэснээр гадаад, дотоодын жуулчид шаардлагатай мэдээлэл авах, аж ахуйн нэгжүүдтэй холбогдох, захиалга өгөх, аж ахуйн нэгжүүд сурталчилгаа мэдээллээ түгээх, хэрэглэгчидтэй болон өөр хоорондоо холбогдох, борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг илүү хялбарчилна.
Мөн цаашид дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсыг бүс нутагтаа болон олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай, ухаалаг аялал жуулчлалын загвар орон болгоход чухал ач холбогдол үзүүлнэ.
0 cэтгэгдэлтэй