ОРОН НУТГИЙН ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

📌Аймгуудын Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас болон хамтран хэрэгжүүлсэн онцлох үйл явдал, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэж байна.

Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Соёлын төв-Соён гэгээрлийн төв 2025” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнийг гурав дахь жилдээ 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 27 сумын Соёлын төвийн дарга, хөгжим, бүжгийн багш, номын санчид нийлсэн 110 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
2024 онд Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас зохион байгуулсан онцлох, томоохон үйл ажиллагаанууд болон 2025 оны бодлогын баримт бичигт тусгагдсан анхаарч ажиллах үйл ажиллагаануудыг танилцуулав.

Дорнод аймгийн А&О production “САРНЫ ОХИН” хүүхдийн жүжиг 2025 оны 04 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд амжилттай тоглолоо. Жүжгийн найруулагчаар Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ажиллав.

Ховд аймгийн Засаг даргын ивээл дор хүүхэд, багачуудад урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, багаар ажиллах чадварт сургах зорилгоор Д.Лувсаншаравын нэрэмжит “ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ УЛСЫН УРАЛДААН”-ы анхан шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын 10 сургуулийн 400 гаруй хүүхэд оролцов.

Гэрэл зурагчдыг дэмжин бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, залуу гэрэл зураг сонирхогчдыг дэмжих зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд “Photo week-2025″ арга хэмжээг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.“Khovd Photo week-2025″ арга хэмжээг нийт 2930 иргэн үзэж сонирхсоноос гадаадын 18 иргэн ирж үйлчлүүлсэн байна.

Хэнтий аймаг “БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2025” арга хэмжээг “Дэлгэр жаргалантын дээдийн өлзийт бичиг үсэг мину” урианы дор үндэсний бичиг соёлыг сурталчлан таниулахаар Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд амжилттай зохион байгуулж, нийт 800 гаруй хүнийг хамрууллаа.

Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар аймгийн Гэрэл зурагчдын холбоотой хамтран “ХОЙМОР НУТАГ” үзэсгэлэнг Хөвсгөл арт галерейд нээлээ. Хөвсгөл аймгийн 17 сумаас ирсэн 200 гаруй бүтээлээс дээжлэн тус үзэсгэлэнд толилуулж байна.

Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн гэрэл зурагчдын Эв нэгдэл холбоотой хамтран “БАЯН-ӨЛГИЙ- ӨМНӨ БА ОДОО” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Баян-Өлгий аймгийн түүхэн он жилүүд, ахуй соёлын өнгөрсөн ба орчин цагийн хөгжлийг гэрэл зургийн ховор цуглуулгаар дамжуулан харуулах зорилгоор 40 орчим зураг дэлгэв. Мөн тус үзэсгэлэнгийн үеэр ” PHOTO WEEK 2025” уралдаанд аймгаас шалгарсан шилдэг 5 бүтээлийг онцолж, оролцогчдыг шагнаж урамшуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг, үсгийн баяр”-ын хүрээнд “Үндэсний бичиг, соёл” аймгийн тэргүүний уншигч шалгаруулах уралдааныг Баянхонгор аймаг дахь хэлний бодлогын салбар зөвлөл, Нийтийн номын сан, Боловсролын газар хамтран амжилттай зохион байгууллаа. Нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол бичгээр бичигдсэн түүхэн, уран зохиолын болон шашин, сурган хүмүүжүүлэх агуулгатай 50 гаруй ном, гар бичмэл, судар бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл болголоо.

Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс санаачлан “Ирээдүйн эзэд-2025” мэргэжил сонголтын аяны арга хэмжээг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Баянхонгор аймаг дахь социал Демократ залуучуудын холбоотой хамтран зохион байгууллаа. Аяны нээлтэд аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн төлөөлөл 240 сурагч оролцов.

“Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-той хамтран монгол уламжлалт хэл хуур хөгжмийг иргэд олон нийт, ардын авьяастан, хүүхэд залууст сурталчлан танилцуулах өдөрлөг арга хэмжээг 2025 оны 04 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт 90 гаруй иргэдийг хамруулж хэл хуур хөгжмийн үүсэл хөгжил, арга техникийн талаар мэдлэг ойлголтыг өглөө.
Монгол Улсын соёлын элч, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр нь орон нутгийн удирдлага, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргатай уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дорноговь аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Музей сургалт судалгааны төв , “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоотой хамтран “PHOTO WEEK DORNOGOBI”-ийг “Дорнын говийн үзэмж” гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүллээ. Тус үзэсгэлэнд 50 орчим зураг дэлгэсэн “Хүмүүний аж амьдрал” үзэсгэлэн, “Гэрэл зураг ба аялал жуулчлал”, “Гэрэл зураг ба оюуны өмч”, “Гэрэл зургийн урлаг, уран бүтээлийн үнэ цэн” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хойд бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Орхон, Хөвсгөл, Булган аймгийн соёл урлаг, спортын байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож салбар яамныхаа урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийн зорилтуудтай танилцаж, хэрэгжилтийг хэрхэн үр нөлөөтэй, харилцан уялдаатай зохион байгуулах тал дээр санал бодлоо солилцлоо.

default

Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар 4 дүгээр сарыг бүжгийн сар болгон зарладаг уламжлалтай. Энэ удаагийн бүжгийн сараар соёлын төвүүд шугаман бүжгийн үнэ төлбөргүй сургалтыг зохион байгууллаа. Шугаман бүжгийн сургалтад хамрагдсан 100 гаруй бүжигчид Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд бүжиглэж, “Бүжгийн сар”-аа амжилттай хаалаа.

Их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө” театр 45 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд “Алтан гургалдай” эстрад дууны анхдугаар наадмыг зохион байгуулж 130 авьяаслаг хүүхэд оролцлоо. Мөн үндэсний хөгжмийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг хөгжимчдийг тодруулах зорилгоор “Авьяаслаг хөгжимчид-2” уралдааныг зохион байгуулж 50 гаруй сурагч оролцов.