
Дэлхийн II дайны үед Монгол Улсаас ЗХУ-д үзүүлж байсан тусламжаар Улаан армид өгөх бэлэг хүргэж явсан малчин бүсгүй С.Цэгмидийн тухай “Фронт Цэгмид – Нөхөрлөлийн бэлгэдэл” баримтат киноны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар дахь Русский дом-д тавдугаар сарын 3-нд боллоо.
Киног энэ жил тохиож буй Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчид бүтээжээ. Тодруулбал, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Олег Юмов киног найруулсан байна. Тэрбээр, “Сүрэнхорлоогийн Цэгмид гуай шиг ийм хүмүүсийн хувь заяаны амьдралыг бид олон хүнд хүргэж байгаа нь уран бүтээлч бидний нэр төрийн хэрэг юм” хэмээн онцлон хэлллээ.
Киноны нээлтэд гавьяат малчин С.Цэгмид биечлэн оролцлоо. Тэрбээр өдгөө 103 нас хүрч байна. Түүнтэй хамт Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин С.Чимидцэрэн оролцлоо. Тэдэнд ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов хүндэтгэл үзүүлэн “Бүгд Найрамдах Буриад улсын гавьяаны төлөө” медаль гардуулав. Тэрбээр Аугаа их ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа юм.
ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов хэлэхдээ, дэлхийн II дайны үед ЗХУ-д хамгийн түрүү тусалсан улс бол БНМАУ юм. Монголчууд морь мал, арьс шир, хоол хүнс, бүхий л зүйлээр туслаж байсан. Тэр бүхнийг хариу нэхэлгүй өгсөн юм. Монголчуудын бэлэглэсэн танкууд Берлин хүртэл явсан байдаг шүү дээ. Манай хоёр орны ард түмэн дайны хүнд хэцүү бүхий л цаг үед хамт байсан гэв.
Киноны нээлтийн үеэр мөн Монголын ард түмнээс Улаан армид үзүүлж байсан тусламжийг өгүүлсэн “Бүгдийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” үзэсгэлэнг зураач Х.Ганбатын “Үл мэдэгдэх цэргийн дурсгалд” сэдэвт уран зургуудын хамт дэлгэв.
Аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн арми, ард түмэнд халуун сэтгэлээр тусалж байсан тухай түүхэн баримтууд болох 150 гаруй гэрэл зураг, бодит үзмэрүүд архивын ховор гэрэл зургуудаас бүрдсэн уг үзэсгэлэн энэ оны 9 дүгээр сар хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвд буюу Улаанбаатар дахь Русский дом-д үргэлжлэн гарах юм.
Үзэсгэлэнд 1941-1945 онд Ховд аймгийн Манхан сумаас ЗХУ-ын Бийск хот хүртэл 2700 км замыг 1000 гаруй тэмээгээр туулж, монгол түмний тусламжийн бэлгийг хүргэж өгсөн талаарх өмнө нь олны хүртээл болж байгаагүй шинэ баримтад тулгуурласан бодит үзмэр эд өлгийн зүйлээр баяжуулсан 3D хэлбэрээр зохиомжлон дэглэснээрээ онцлог байгааг маршал Г.К.Жуковын музейн эрхлэгч, дэд хурандаа Л.Амартайван танилцууллаа.
Үзэсгэлэнг ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Росструдничесвто” -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Килпякова нээв. Тэрбээр хэлэхдээ, “Бид фашизмын дарангуйллыг унагахад оролцож ирсэн өвөг дээдсийнхээ гавьяаг мартах эрхгүй. Өнөөдөр ахмад дайчдын гавьяаг хүлээн зөвшөөрөхөөс гадна Монголын ард түмний Ялалтад оруулсан их хувь нэмрийг эргэн дурсан санаж байна” гэлээ.
Киноны болон үзэсгэлэнгийн нээлтийг ОХУ-ын Буриад улсын Соёлын яам, Буриад улсын Драмын театр, Улаанбаатар дахь Русский дом (РЦНК), Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж, ахмад дайчид, дипломатууд, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, сургуулийн сурагчид болон хоёр орны соёлын зүтгэлтнүүд оролцлоо.
0 cэтгэгдэлтэй