Багануурын БХС төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн байгуулсан 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг (2024.12.05) төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь сар гаруйн хугацаанд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлжээ. Мөн төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна.

Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ жилд 150-200 МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд 2030 онд 3300 МВт орчим шаардлагатай болно гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт чадлын дутагдалтай өвөлжсөн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт чадлын блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхөж буй юм.