САУДЫН АРАБ УЛС ЭРЧИМ ХҮЧ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХЛОО ДАХИН ИЛЭРХИЙЛЛЭЭ

Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан. Талууд энэхүү яриаг дараагийн түвшинд гаргах болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо. Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали тус улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр буйг илэрхийлж тухайлбал, эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллах боломжтойг онцлов.

Уулзалтаас Монгол Улс, Саудын Арабын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийх, санамж бичиг байгуулах чиглэлд ажиллахаар тогтлоо.