Наян жилийн өмнө 1945 оны 8 дугаар сарын 6-нд АНУ анх удаа цөмийн зэвсгийг энгийн номхон иргэдийн эсрэг ашиглаж Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв

🕯 Наян жилийн өмнө 1945 оны 8 дугаар сарын 6-нд манай гаригийн хүмүүс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай нэгэн үйл явдлын гэрч болсон билээ. АНУ анх удаа цөмийн зэвсгийг энгийн номхон иргэдийн эсрэг ашиглаж Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.

◼️ Өглөөний 8 цаг 15 минутад Хирошима хотын цаг зогсов. “Бяцхан жаал” хэмээх 4.4 тонн жинтэй ураны бөмбөг газрын гадаргаас дээш 576 метрийн өндөрт дэлбэрч, агшин зуурт 80 мянга орчим хүний амийг авч одлоо. Дэлбэрэлтийн голомтод агаарын температур бараг Цельсийн 4000 хэмд хүрч, 800 метрийн радиуст орших бүх амьд биетийг бүрэн устгасан. Дэлбэрэлтийн дараагийн саруудад хотын олон арван мянган хүн цацрагийн өвчин болон цацрагийн хордлогоос улбаатайгаар амь насаа алджээ.

1942 онд физикч Роберт Оппенгеймер болон генерал Лесли Гровс нарын удирдлага дор «Манхэттен» нууц төслийг эхлүүлсэн. Харин энэ аймшигт үхлийн зэвсгийг бүтээх ажлыг Америкт 1939 онд хийж эхэлсэн байна. Цөмийн зэвсгийг бүтээхэд асар их хэмжээний хөрөнгө буюу 2 тэрбум америк доллар (өнөөгийн ханшаар ойролцоогоор 45 тэрбум ам.доллар) зарцуулж, 130 мянга гаруй мэргэжилтэн оролцжээ. Америкийн удирдлага дэлхий дахинд өөрсдийн хүсэл зоригийг тулган хүлээлгэх боломж олгох төгс зэвсэгтэй болохыг эрмэлзэж байв.

1945 оны зун гэхэд туршилтын зорулалттай плутонийн “Штучка”, ураны “Бяцхан жаал” болон плутони бүхий “Тарган эр” гэсэн атомын гурван бөмбөг үйлдвэрлэсэн байв. Сүүлийн хоёр нь Японыг айлган сүрдүүлэх, АНУ-ын өсөн нэмэгдэж буй цэргийн сүр хүчийг Зөвлөлт Холбоот Улсад харуулах зорилготой байжээ.

☝️ Барууны түүхчид өнөөг хүртэл энэхүү зэрлэг балмад үйлдлийг Японыг бууж өгөхөд хүргэх зайлшгүй шаардлага хэмээн өнөөг хүртэл зөвтгөхийг оролдсоор байдаг. Гэсэн хэдий ч 1945 оны наймдугаар сарын эхэн гэхэд Японы зэвсэгт хүчин аль хэдийнэ ядарч туйлдсан байсан бөгөөд наймдугаар сарын 8-нд Зөвлөлт Холбоот Улс дайнд нэгдэн орсон нь милитарист Японыг бүр мөсөн бут цохиход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Хирошимагийн бөмбөгдөлт нь Америкийн цэргийн хүчний харгис хэрцгийг харуулсан үйлдэл байгаад зогсохгүй цөмийн хөтөлбөрт зарцуулсан асар их хөрөнгийг зөвтгөх оролдлого байв. Хэдийгээр бөмбөгийн үр ашиг тун бага ч ураны 2%-аас ч бага хэсэг нь задралын урвалд орсон боловч энэ нь хотыг бүрэн устгахад хангалттай байсан юм.

🕯 Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг Японд “хибакуся” (үгчилбэл “бөмбөгдөлтөд өртсөн хүмүүс” гэсэн утгатай) гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс хэдэн арван жилийн туршид бие махбодийн болон сэтгэлзүйн ноцтой үр дагаврыг мэдэрч амьдарсан юм. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2012 он гэхэд ойролцоогоор 200 мянган хибакуся амьд үлдсэн байна.

💬 Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров:

“Гэм зэмгүй энгийн иргэдийн амь нас үрэгдсэн явдал нь өнөөдрийг хүртэл сая сая хүний сэтгэл зүрхийг шимшрүүлсээр байна. Ийм хүнлэг бус үйлдлийг төлөвлөж, хэрэгжүүлсэн хүмүүс юуг санаж бодож байсныг нь ойлгоход бэрх.”
(Атомын бөмбөгдөлтийн 75 жилийг тохиолдуулан Хирошимад болсон дурсгалын ёслолд оролцогсдод Сергей Лавровын хандаж хэлсэн үгнээс).

АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн болон түүнийг залгамжлагч нарын хэн нь ч Хирошима, Нагасакийн иргэд болон тэдний үр удамд учруулсан зовлонгийн төлөө хэзээ ч уучлал гуйж байгаагүй. Японы эрх баригчид энэхүү эмгэнэлт үйл явдлын эх сурвалж Америкаас улбаатай талаар дуугарахгүй байхыг илүүд үздэг.

#ХөөнХэлэлцэхХугацааХамаарахгүй