СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДЫН ТАМГА ХҮЛЭЭЛЦЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Засгийн газрын гишүүдийн ажил хүлээлцэх нэгдсэн хуваарийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Ц.Одхүү төрийн тамгыг хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь албан ёсоор орууллаа.

Ажил хүлээлцэх үеэр Ч.Ундрам сайд өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг эдийн засгийн хөшүүрэг болгох суурийг тавьж, Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдсон зэрэг түүхэн амжилтуудыг онцлов. Тэрбээр шинэ сайдын зарчимч, тууштай зан чанар нь “Соёл, олон нийтийн төв” (СОНТ) зэрэг бодлогын томоохон шинэчлэлийг амжилттай үргэлжлүүлэн бататгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сайд Ж.Алдаржавхлан төрийн тамгыг хүлээн авахдаа салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй уялдуулж, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлсэн өмнөх сайдын санаачилгыг онцлон үнэлэв. Мөн төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг салбарын хэмжээнд тууштай, эрчимтэй хэрэгжүүлэн ажиллахаа нотлон илэрхийлэв.

Албан ёсны арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга В.Түвшинжаргал болон Төрийн ёслолын газрын мэргэжилтэн Ч.Цолмон нар байлцаж, төрийн ажлын залгамж чанарыг хангахад дэмжлэг үзүүллээ.