2028 он гэхэд нийслэлийн 1000 айлд нарны үүсгүүр нэвтрүүлэхээр зорьж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сэргээгдэх эрчим хүчний туршилтын төслийн үр дүн, үйл явцыг танилцуулж, цаашид өргөжүүлэх арга замыг хэлэлцсэн “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт: Ахиц дэвшил ба арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг (2025.01.28) зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн нээлтэд НҮБ-ын суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав нар оролцож, үг хэлэв. Мөн тус үйл ажиллагаанд ЭХЯ-ны Стратеги,төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин, ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ, “URECA” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амар, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ахлах зөвлөх Б.Хүрэлбат нар оролцож, дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлон суурин төлөөлөгч Лин Цао “Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлснээр бохирдлыг бууруулж, ногоон эдийн засгийг бэхжүүлэхийн зэрэгцээ нийгмийн тэгш байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх таатай орчныг бий болгож, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр тогтвортой хөгжлийн ахиц дэвшлийн түргэсгэх боломжтой” хэмээн онцоллоо.

2023 онд Улаанбаатар, Эрдэнэт хотын гэр хорооллын 69 айл өрх нарны эрчим хүчинд суурилсан халаалтын системийг нэвтрүүлэх туршилтын төсөлд хамрагджээ. Энэхүү туршилтын төсөл нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын чанар төдийгүй иргэдийн амьжиргааг дэмжин, илүү цэвэр, эрүүл орчин бий болгоход чиглэж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав “Нийслэлийн утааг бууруулахад Чингэлтэй дүүрэг чухал ач холбогдолтой. Учир нь манай дүүрэгт 24 хороо байгаагаас 14 хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын айл өрхүүд суурьшиж байна. Иймд 2025 онд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айлыг кластер байдлаар сонгон, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын системийг суурилуулж агаарын бохирдлыг бууруулахад тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байна. Цаашид энэ тоогоо жил бүр үе шаттайгаар ахиулж, 2028 он хүртэл 1000 айлыг хамруулахаар зорьж байна” гэлээ