
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, аялал жуулчлалын салбарын бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон эвент үйл ажиллагааны нэг бол “Хөх сувд” мөсний баяр юм.
Мөсний баярын хаан их сарьдаг, хатан далай ээждээ хүндэтгэл илэрхийлэх нээлтийн ёслол боллоо.
Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга Ц.Гансүх “Одоогоос 25 жилийн тэртээ мөсний баяраар арваад чаргатай морины уралдаан болж, нутгийн иргэд оролцож эхэлсэн энэхүү үйл ажиллагаа эдүгээ 50 мянган иргэн зорин ирдэг, дэлхийн 15-17 орны жуулчид тогтмол оролцдог олон улсын эвент үйл ажиллагаа болон өргөжсөн байна.
Салбарын статистик мэдээллээр өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид 2 тэрбум гаруй орлого төвлөрсөн бөгөөд үүний багагүй хувийг энэхүү үйл ажиллагаанаас олж, эдийн засгийн үр ашгийг иргэд шууд хүртэж байна.
Энэ жилийн хувьд мөсний баярыг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр 10 хоног зохион байгуулж байна” гэдгийг онцолж байлаа.
Энэ үеэр насанд хүрэгчдийн дунд тэшүүрийн тэмцээн, халх, хотгойд дуучдын тоглолт болж, мөсөн урлалын шилдгүүд тодорлоо.
Мөсний баяр өнөөдөр мөсөн шагайн харваа, олон угсаатны урлагийн тоглолт, олс таталтын тэмцээн зэргээр 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
0 cэтгэгдэлтэй