Тархмал эх үүсгүүрийн эрчим хүчийг 300 төгрөгөөр улс худалдаж авна

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлэх 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний өдрийн тарифыг 285 төгрөг, оргил цагаар нийлүүлэх тарифыг 300 төгрөг байхаар Эрчим хүчний зохицуулах хороо баталлаа. Өмнө нь өдрийн цагаар 140.18 төгрөг, оргил ачааллын үед 221.80 төгрөгөөр сүлжээнд эрчим хүч нийлүүлж байсан юм.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг дэмжих арга хэмжээг авахаар тусгасан. Энэ хүрээнд тариф шинэчлэгдэж, хэрэглэгч өөрийн үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлж орлого олох боломж бүрдэж байна.

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг өнгөрсөн сард Эрчим хүчний реформын үндэсний хорооноос зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан журмын хэрэгжилт, үнэ тарифын зохицуулалттай холбоотой санал, зөвлөмжийг ЭХЗХ-д хүргүүлжээ.

Мөн Эрчим хүчний яамнаас Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмыг шинэчлэн сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авахаар төлөвлөж байна.


#Сэргээгдэх эрчим хүч, #Үнэ, тариф