Уул уурхай, ААН-ийн тарифыг хэвээр үлдээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.02.19) боллоо. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Тэрээр “11-11 төвд өнөөдрийн байдлаар 390 орчим санал, хүсэлт ирсэн. ЭХЗХ, ЭХЯ, цахилгаан түгээх сүлжээнээс ажлын хэсэг гарсан. Гомдол санал гаргасан иргэдийн 90 хувьтай нь уулзсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 2024 оны жилийн эцсийн байдлаар 1 кВт.цаг эрчим хүчний өөрийнх нь өртөг 280 төгрөг байсан. Хэрэглэгч бүр дээр янз бүрээр борлуулж байхад дундаж тариф 216-285 төгрөг болгоход дунджаар 30 орчим хувиар нэмэгдсэн. Гэхдээ дунджаар шүү. Уул уурхайн бизнес эрхэлдэг ААН-ийн тариф 294 төгрөгөөс 16 хувиар нэмэгдэж 342 төгрөг болсон. ААН-үүд 30 орчим хувиар нэмэгдэж 222-285 төгрөг болгосон. Иргэдэд бол гурван шатлалаар нэмсэн. Эхнийх нь 150 кВт.цаг хүртэл дунджаар 140-175 төгрөг болгосон. 150-300 кВт.цаг 256 төгрөг болгож дунджаар 66 хувиар нэмсэн. 300 кВт.цагаас дээш хэрэглээг 285 төгрөг болгож 85 хувиар нэмсэн нь үнэн. Танилцуулга анх хийхдээ буруу хийсэн байна.

Нэгэнт ийм шийдвэр гаргасан учраас хоёр өөрчлөлт оруулна. Эхнийх нь уул уурхайн тарифын 342 төгрөгийг хэвээр үлдээнэ. ААН тарифыг мөн хэвээр үлдээнэ. Харин ахуйн хэрэглэгчдэд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21-06 цагт 220 В-д холбогдсон иргэд 700 кВт.цагаас дээш бол 50 хувь хөнгөлдөг байсныг 1500 кВт.цаг болгож нэмэгдүүлсэн. Өглөө 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг болгосон. 380 В-ын сүлжээнд холбогдсон иргэд өмнө нь 1500 кВт.цагаас дээш байсныг 3000 кВт.цаг болгож, 50 хувь хөнгөлнө.

2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн хэрэглэнэ. Хоёр, гуравдугаар сард энэ хөнгөлөлтийг үзүүлнэ. Мөн 2025 оны 11, 12 дугаар сард үзүүлнэ гэсэн тооцоолол гарсан. Энэ хөнгөлөлтийг хэрэглэхэд нийтдээ 43 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэр Эрчим хүчний сайдын багцад татаасын хэлбэрээр 2025 оны төсөв батлагдахад суусан байсан учраас ийм хөнгөлөлтийг ард иргэддээ үзүүлэхээр шийдвэр гарсан” гэв.

#Үнэ, тариф