2026 онд Эгийн голын УЦС төслийн судалгааны дүнг танилцуулна

Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр хоёр орны Байгаль орчны сайд нар “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд Эгийн голын УЦС төслийн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол-Оросын мэргэжлийн баг байгуулагдсан юм. Мэргэжлийн багийн анхдугаар хуралдаан (2025.02.10) Москва хотод ОХУ-ын ШУА-ийн төв байранд болжээ.

Хурлын үеэр “Эгийн голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд хийсэн байгаль орчны судалгаануудын үр дүн, тэдгээртэй холбогдох мэдээллүүдийг харилцан солилцож, илтгэлүүдийг хэлэлцсэн байна. Мөн цаашид зайлшгүй хийх шаардлагатай байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлуудын хүрээг тодорхойлж, хамтран гүйцэтгэх аж. Судалгааны үр дүнг хоёр орны сайд нарын баталсан ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохирчээ.

Төлөвлөгөөт ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол төслийн бүтээн байгуулалтын ажил удааширч болохыг төр засгийн холбогдох байгууллага, удирдлагад уламжлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Эгийн голын УЦС-ын төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол-Оросын мэргэжлийн багийн анхдугаар хуралд Монголын талаас академич С.Дэмбэрэл ахлагчтай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, МУ-ын Шинжлэх ухааны академи, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн төлөөллөөс бүрдэх 11 гишүүн, Оросын талаас академич М.В. Болгов ахлагчтай ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн төлөөллөөс бүрдэх 24 гишүүн оролцжээ