“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог болж өндөрлөлөө.

“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яамны харьяа соёл, урлагийн байгууллагууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Аймгуудын ССАЖЗГазраас тоглолт, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд нийт 81,3 мянган иргэн хамрагдсан байна.