Монголын Цагаан сар, Оросын Масленица-г хамтад нь тэмдэглэж байна

Оросын ард түмний хаврын баяр масленица өнөөдөр, хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот дахь Русский дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо. Энэ удаагийн шар тосны баяр Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сартай давхцаж, хамтад нь тэмдэглэн өнгөрүүлж буйг ОХУ-ын хамтын ажиллагааны газрын дарга, Улаанбаатар хот дахь Русский домын захирал Валерия Кильпякова онцлон хэллээ.

Шар тосны баярын нээлтэд ОХУ болон БНАСАУ-ын ЭСЯ, Монгол Улсын олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хүүхдүүд монгол, орос ардын дуу бүжиг толилуулж, цөцгийн тостой амттан, шарвин, бууз банш зэрэг хоёр орны үндэсний хоол ундааг дэлгэн хаврын баярыг угтлаа. Нээлтэд БНАСАУ-ын дуу, бүжгийн “Ариранг” хамтлагийнхан оролцож соёл урлагаа танилцуулсан нь онцлог байв.

Монгол Улсаас Орос Улсад их, дээд сургууль төгсөгчдийн холбоо (МАВСУЗ)-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа хэлэхдээ, “Энэ удаагийн масленица-д манай төгсөгчдийн холбоо монгол цагаан идээ, будаагаа засан оролцож баярт ирсэн зочдоо дайлж байна. Бид масленица-г Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олонтой 8 дахь жилдээ тэмдэглэж байна гэв.