ОХУ-ын Пермь хязгаарт Халхын голын дайнд оролцож явсан дайчин Егор Петрович Масалкиныг оршуулах ёслол болов

2-р сарын 21-нд Пермь хотын Офицеруудын ордонд 1906 онд Кама гол орчмын нутагт төрсөн Егор Петрович Масалкины шарилыг шилжүүлж өгөх ёслолын ажиллагаа болов.

2024 оны 5-р сард “Цаг хугацаа, үе хоорондын холбоо” сангаас Олон улсын “Халхын гол. Бидний алдар нэр улам их 2024” төслийн хүрээнд зохион байгуулсан Олон улсын экспедицийн үйл ажиллагааны үеэр энэхүү офицерын шарилыг Халхын гол орчмын Ремизовын толгой хэмээх газраас олжээ. Дайчны шарилын хамт олдсон баримт бичгийг үндэслэн түүний овог, нэрийг нь тогтоожээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд ОХУ-ын Пермь хязгаарын Амбан захирагч Дмитрий Махонин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч Ононгийн Чинбаяр, Монголд хэрэгжүүлсэн экспедицийн дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутны эрэл хайгуулын багийн ахлагч Александр Орлов, Соёл, түүхийн өвийг хамгаалах “Цаг хугацаа, үе хоорондын холбоо” сангийн баг хамт олон, эрэл хайгуулчид болон талийгаач дайчны гэр бүлийн гишүүд, түүний ач, гуч нар оролцов.

Пермь хязгаарын Амбан захирагч Дмитрий Махонин дайчин баатрыг эх оронд нь буцаан авчирсан эрэл хайгуулчдад, мөн энэ ажилд тусалж, дэмжсэн Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгт талархал илэрхийлэв.

Энэхүү үйл явдал нь Халхын голд болсон цэргийн мөргөлдөөн дууссанаас хойш 85 жилийн дараа анх удаа цэрэг дайчны шарилыг Монголоос Орост шилжүүлэн авчрах урьд хожид байгаагүй хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэж Александр Орлов онцлон тэмдэглэв.

Егор Петровичийн шарилыг охин Раиса Карлинагийнх нь хүсэлтээр түүний төрсөн Оханскийн дүүргийн Андреевка тосгонд цэргийн ёсоор болон сэтгэл санааны гүн хүндэтгэл үзүүлэн оршуулжээ. Раиса Егоровна 1939 онд эцгийгээ нас барсан жил төрсөн бөгөөд хаана, хэрхэн нас барсныг нь мэдээгүй байжээ.

“Бидний хайртай дотны хүнийг эргүүлэн авчрахад тусалсан бүх хүмүүст ар гэрийнхээ нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Манай эмэг эх маань эцгийгээ 85 жил хүлээсэн юм. Энэ мөч өнөөдөр биеллээ олж, тэр эх орондоо буцаж ирлээ” гэж баатрын ач хүү Алексей Булатов хэлэв.

Энэ төслийг Ерөнхийлөгчийн буцалтгүй тусламжийн сан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам, Монголын Улаан загалмай нийгэмлэг, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль, ОХУ-ын Эрэл хайгуулын хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна.

#ХалхынГол #ХамтынТүүх #ОросМонгол