“MrBeast” хөрөнгө оруулалт татаж, компанийнхаа үнэлгээг $5 тэрбумд хүргэнэ

YouTube-ийн од “MrBeast” буюу Жимми Дональдсон бизнестээ олон саяын дүнтэй шинэ санхүүжилт татаж, компанийнхаа үнэлгээг 5 тэрбум гаруй ам.долларт хүргэхээр зорьж буйг ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлжээ.Түүний холдинг компани ашигт ажиллагаанд хүрч, өнгөрсөн онд 400 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Интернэтийн хамгийн өндөр орлоготой контент бүтээгч тэрбээр хэд хэдэн санхүүгийн фирм, чинээлэг эрхмүүдтэй уулзаж энэ талаар хэлэлцээ хийгээд байгаа аж.

Видео продакшнаас гадна шоколадны “Feastable”, савласан хүнсний “Lunchly” зэрэг бизнесүүдийг нь нэгтгэсэн түүний холдинг компани ашигт ажиллагаанд хүрсэн бөгөөд өнгөрсөн онд 400 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөө тэрбээр хүнс, медиа салбарын тэдгээр бизнесүүдээ өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Сүүлд Жимми Дональдсон Amazon компанитай хамтарч, 100 сая ам.долларын өртгөөр “Beast Games” шоу бүтээсэн юм. Шоуны эхний улирал “Prime Video” платформ дээрх хамгийн их үзэлттэй реалити шоу болсон ч өөрөө олон арван сая долларын алдагдал хүлээснээ “MrBeast” нэгэн подкастад оролцохдоо хэлж байлаа. Amazon-ий зүгээс “Beast Games”-ийн дараагийн улирлуудыг хийхээр зөвшөөрсөн ч зардлын асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа аж.