
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан (2025.03.08) болов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын төслийн талаар штабын гишүүдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн ногоон бүсчлэлийн хүрээг тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргахаар бэлтгээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь Баянхошуу, Толгойт, 7 буудал, Амгалан орчмын 100 мянган өрхийг хамарна. Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлт эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг хэрэглээнээс халсан байх шаардлага тавина” гэжээ.
Мөн урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт нэмэгдэж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55.6 хувиас 20.8 хувь болгож бууруулахаар тооцоолсон байна. Штабын гишүүд дулаалгын шийдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж танилцуулах, айл өрхүүдийг хийн түлшинд холбохтой зэрэгцүүлэн хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг хөндөн, санал солилцжээ.
0 cэтгэгдэлтэй