
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээлээ.
Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн 700 орчим ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлс, мөн Чехийн Үндэсний музейн харьяа Напрстекийн музейд хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой үзмэрүүдийг хамтатган үзүүлэхээр бэлтгэсэн билээ.
Үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.
Монголын бахархалт түүх, соёл, өв уламжлалыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх ач холбогдол бүхий энэ үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нийтийн хүртээл болох тул Чех улс болон Европын улсуудад аж төрж буй Монголчууд Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.
0 cэтгэгдэлтэй