Хангайн бүсэд хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүд

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо (2025.04.14) зохион байгуулсан. Бүсийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртэйгөө уялдуулан хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах аж. Мөн Байдрагийн УЦС-ын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийхээр болсон байна. Түүнчлэн Хангайн бүсийн гурван аймагт тус бүр 10 МВт хүчин чадалтай НЦС, 20 МВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх аж.