Баруун бүсэд хуримтлуур бүхий гурван НЦС барина

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэгд “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл” байдаг. Энэ хүрээнд нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Тэгвэл эхний ээлжинд Баруун бүсийн дараах гурван байршилд нийт 140 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур бүхий 50 МВт чадалтай нарны станц барихаар болжээ. Үүнд:
▪️Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 15 МВт, 60 МВт.цаг батарей бүхий 20 МВт,
▪️Увс аймгийн Өмнөговь суманд 15 МВт, 60 МВт.цаг батарей бүхий 20 МВт,
▪️Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 10 МВт, 20 МВт.цаг батарей бүхий 10 МВт станцыг тус тус төлөвлөсөн байна.

Түүнчлэн дээрх сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх байршил, хүчин чадлыг сонгохдоо системийн тогтвортой ажиллагааг хангах техникийн боломж, хагас динамик шинжилгээ, тогтворжсон горимын тооцоо, бүсүүдийг холбосон дамжуулах шугамын нэвтрүүлэх чадвар зэрэгт тулгуурлан тархмал хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр төсөлд шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл, төсөл хэрэгжих газрын байршлыг тодорхойлох бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Эрчим Хүчний Яам, Эрчим хүчний реформын үндэсний хороо, Эрчим хүчний үндэсний төв , Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК, “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөл бүхий ажлын хэсэг Баруун, Зүүн, Төвийн бүсүүдэд томилолтоор ажиллаж байна. Томилолтын ажлын хэсэг орон нутгийн удирдлагуудтай уулзаж 2025-2026 онд хэрэгжүүлэх нар, салхины цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлүүлжээ.