
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг тэргүүтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төсөлд багтсан “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Дорнод аймгийн Матад суманд 12 МВт/48МВт.ц-ын батерей хуримтлуур бүхий 20МВт-ын нарны цахилгаан станцыг барих ажлын газрын байршлыг тогтоохоор ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл “Дорнод аймаг нь цахилгаан эрчим хүчээ 86МВт болгон нэмэгдүүлсэн ч өсөн нэмэгдэж буй хэрэгцээ өндөр байгаа тул цаашид нэн тулгамдсан асуудлын нэг нь цахилгаан эрчим хүч хэвээр байсаар байх болно. Иймд энэхүү бүтээн байгуулалтын төслийг бид бүрэн дэмжиж байна. Танай ажлын хэсэгт аймгийн зүгээс холбогдох дэмжлэгийг бүрэн үзүүлж ажиллана”гэв.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр Дорнод аймаг нүүрстөрөгчийн ялгаралгүй ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэр болж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээс гадна жилд дунджаар 22 мянган тонн нүүрс, 200 мянган тонн ус хэмнэх төдийгүй орон нутгийн иргэд байнгын болон түр ажлын байраар хангагдах юм.
0 cэтгэгдэлтэй