“Багш, оюутны стартап-2025” (NUM STARTUP 3.0) Хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2025” (NUM Startup 3.0) хөтөлбөр 2025 оны 05-р сарын 02-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

МУИС уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулж байна. Хөтөлбөрт өнөөдрийг хүртэл нийт 75 багийн 525 багш, оюутан хамрагдаад байна.

“Рио Тинто Монгол” компани 2020 оноос эхлэн хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн.
Энэ жилийн “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрт Хими, Биологи, Биотехнологи, ногоон эрчим хүч, нийгэм, социологи, сэтгэл судлал, мэдээллийн технологи, компьютерын ухаан зэрэг салбаруудад технологи хөгжүүлэх, гарааны компанийн төсөл боловсруулах чиглэлд нийт 16 багийн 90 гаруй багш, оюутан бүртгүүлж, сургалтад хамрагдан шинэ санаагаа хөгжүүлж байгаа юм. Хөтөлбөрт оролцсон багуудаас жил бүр эхний 3 байрыг шалгаруулж, МУИС-иас гарааны санхүүжилт олгодог ба өнөөдрийн байдлаар нийт 24 багт 213 сая төгрөг олгоод байна.

Стартап хөтөлбөрийн үр дүнд МУИС-ийн дэргэд 7 гарааны компани байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаагаас “Гарааны Эм Би Пи Лаб”, “Гарааны дижитал солюшнс”, “Гарааны Creativision”, “Гарааны Мон Био Про”, “Гарааны Чинганц”, “Ниргэ системс” зэрэг компаниуд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр “Рио Тинто Монгол” компаниас хөтөлбөрт хамрагдаж буй багуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор баг тус бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг гардууллаа.

Тус арга хэмжээнд хөтөлбөрийг дэмжигч, хамтран ажиллагч МУИС-ийн Бизнес консалтинг төв, “Сократус стартап студи” ХХК, “Инно хаб” ХХК, “Стартап Маркетинг Спасе” ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, стартап төслийн багуудад инновац, шинэ технологи хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулав.

Цаашид манай эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, Монгол улсын хөгжилд бодит үр дүн өгөх өргөн боломж бий гэдэгт итгэж байна.

Зохион байгуулагч
МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
Холбоо барих: tto@num.edu.mn, 77307730 (5310)