В.Путин: Украины хямралыг эцэслэхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Анкориж хотод хийсэн хоёр талын хэлэлцээний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

В.В.Путин, “Бидний яриа хэлэлцээ ажил хэрэгч, бие биеэ хүндэтгэсэн уур амьсгалд болж өнгөрч, бид олон асуудлыг маш тодорхой хэлэлцэж чадсанаараа харилцан ашигтай болов.

Аляскад хүрэлцэн ирэхийг санал болгосон америк хамтрагч нартаа дахин талархал илэрхийлье. Манай хоёр орон хэдийгээр далайгаар тусгаарлагдсан ч үнэн хэрэгтээ маш ойр хөрш улсууд учраас энд уулзах нь логикийн үүднээс нэлээд үндэслэлтэй юм.

Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтууд дөрвөн жил гаруй хугацаагаар тасалдсан байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол урт хугацаа.

Өнгөрсөн хугацаа нь хоёр орны харилцаанд маш хүнд үе байсан бөгөөд ний нуугүй хэлэхэд манай хоёр орны харилцаа хүйтэн дайны үеэс хойших хамгийн доод цэгтээ хүрч байсан. Гэтэл энэхүү хүйтрэл нь манай улс орнуудын хувьд ч, дэлхийн хэмжээнд ч сайн зүйл биш юм.

Эрт орой хэзээ нэгэн цагт нөхцөл байдлыг засан залруулж, сөргөлдөөнийг яриа хэлцлийн зам руу оруулах шаардлагатай байсан нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс хоёр улсын төрийн тэргүүн нар биечлэн уулзах цаг үнэхээр болсон. Мэдээжийн хэрэг, уулзалтын өмнө нухацтай, нарийн бэлтгэл ажил хийх шаардлагатай байсан бөгөөд ийм ажлыг ерөнхийдөө хийсэн.

Ерөнхийлөгч Трамп бид хоёр маш сайн шууд харилцаа тогтоож чадсан. Тухайлбал, бид хоёр хэд хэдэн удаа, илэн далангүй утсаар ярьсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч ноён Уиткофф ОХУ-д хэд хэдэн удаа айлчилж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Манай туслахууд, гадаад бодлогын газрын дарга нар байнга холбогддог.

Хамгийн гол асуудлын нэг нь Украины эргэн тойронд өрнөж буй нөхцөл байдал гэдгийг та бүхэн сайн ойлгож, мэдэж байгаа. АНУ-ын засаг захиргаа болон Ерөнхийлөгч Трампын хувьд Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх, тус мөргөлдөөний мөн чанарыг нь судалж, гарал үүслийг нь ойлгох хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг бид харж байна.

ОХУ-ын хувьд Украинд болж буй үйл явдал нь манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй суурь заналхийлэлтэй холбоотой гэж би нэг бус удаа хэлж байсан. Түүгээр үл барам бид Украины ард түмнийг бидний ахан дүү ард түмэн гэж үргэлж боддог гэж би удаа дараа хэлж байсан.

Өнөөгийн нөхцөл байдалд миний үг сонин сонсогдох боловч үнэн юм. Бид нэг үндэстэй, бидний хувьд болж буй үйл явдал нь бидний зүрх сэтгэлийг зүссэн жинхэнэ эмгэнэл юм. Тиймээс манай улс үүнийг таслан зогсоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Гэхдээ үүний зэрэгцээ бид Украины асуудлыг тогтвортой, урт хугацаанд зохицуулахыг хүсэж байна. Бидний удаа дараа сануулаад буй хямралын бүх үндсэн шалтгааныг арилгаж, Оросын хувьд зүй ёсоор санаа зовниж буй бүх асуудлыг харгалзан үзэж, Европ болон дэлхий дахины аюулгүй байдлын шударга тэнцвэрийг сэргээх ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Бидний ойлголцол та бид бүхнийг энэхүү зорилгод ойртуулж, Украинд энх тайван тогтоох замыг нээж өгнө гэдэгт найдаж байна.

Өнөөдөр бид Ерөнхийлөгч Трампын “Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол дайн гарахгүй байсан гэж хэлэхийг сонслоо. Үнэхээр тэгэх байсан байх гэж би бодож байна.

Ер нь Ерөнхийлөгч Трамп бид хоёр маш сайн, ажил хэрэгч, итгэлцэл дүүрэн харилцаа тогтоосон учраас би үүнийг баттайгаар хэлж байна. Энэ замаар явбал бид Украины мөргөлдөөнийг аль болох богино хугацаанд, түргэн байх тусмаа сайн, дуусгах зорилгодоо хүрнэ гэж хэлэх бүх үндэслэл байна хэмээн Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.