КИНО УРЛАГИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ ЧИГЛЭЛ БОЛГОЖ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон яамны төлөөлөл Монголын үндэсний кино урлагийн зөвлөлтэй албаны уулзалт хийлээ. Тус уулзалтаар МҮКУЗ-ийн дарга Ч.Ундрал 2025-2026 оны үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа салбарын сайдад танилцууллаа.

Албаны уулзалтын үеэр Сайд Ж.Алдаржавхлан жил бүр “Кино урлагийг дэмжих сан”-гийн сонгон шалгаруулалтыг тодорхой сэдэвчилсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулах, кино урлагийн салбарыг аялал жуулчлалтай нягт уялдуулан хөгжүүлэх бодлого баримтлахыг үүрэг болголоо.

Тэрбээр Монголын уудам тал, сүрлэг уулс, байгаль болон ахуйн дахин давтагдашгүй өв соёл, уламжлалыг киноны хэлээр баримтжуулж, жуулчдыг эх орондоо урин залж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд кино урлагаар дамжуулан эх орныхоо өнгө төрхийг дэлхийд таниулах элч байж чадна хэмээн онцлов.

📌 Энэхүү бодлогын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тогтов:
✔️”Монгол кино” цогцолбор: Салбарын сайдын өгсөн “аялал жуулчлалтай нягт уялдуулах” чиглэлийг хэрэгжүүлэх хамгийн том бүтээн байгуулалт нь 20 га газарт төлөвлөж буй цогцолбор юм. Тус цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн зураг авалтын талбай, павильонтой байхаас гадна нүүдэлчин ахуй, соёлыг сурталчлах аялал жуулчлалын төв байх юм.
✔️Дэлгэцийн аялал жуулчлалыг дэмжих: Аялал жуулчлалыг шууд дэмжих бодит алхмын хүрээнд шинэ үеийн Монгол кинонуудыг “МИАТ” ТӨХК-ийн олон улсын нислэгээр толилуулах, сурталчилгааны сэтгүүлийг онгоц болон олон улсын галт тэргэнд байршуулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өглөө.
✔️Эдийн засгийн үр өгөөж: Өнгөрсөн хугацаанд гадаадын уран бүтээлчдэд 98 зураг авалтын зөвшөөрөл олгосноор Монгол Улсын нутаг дэвсгэрт 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна. Мөн Японы “Vivant” кинонд 2.7 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт хийсэн нь гадаадын төслүүдийг татах сайн жишиг болжээ.