
2024 оны хувьд манай улсын эрчим хүчний салбарын эргэлтийн цэг байлаа. Ингэж тодотгохын учир гэвэл системийн ачаалалд оролцохуйц эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулж буй үйл явдал юм.
Нэн тэргүүнд онцлох эх үүсвэр бол нийт 600 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл. 2011 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн уг төсөл энэ оны аравдугаар сард 150 МВт чадлын эхний блокийг ашиглалтад оруулж байна. Шинэ оны өмнө ТБНС-д эрчим хүч нийлүүлж эхэлснээр Улаанбаатар хотын иргэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтгүй өвөлжих нөхцөл бүрдэж байгааг салбарын сайд мэдэгдсэн. Дараагийн 150 МВт хүчин чадалтай блокийг ирэх жил, III болон IV блокийн барилга угсралтын ажлыг 2027-2028 онд дуусгаснаар бүрэн чадлаар эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр төсөл үргэлжилж байна.
Удаах төсөл бол илүү том чадлын Баянгийн дулааны цахилгаан станц бөгөөд шавыг тавьж, барилга угсралтын ажил өрнөөд буй. Уг станц нь тус бүр 330 МВт хүчин чадалтай хоёр блокийг 2027 оноос жил дарааллан ашиглалтад оруулах юм. Баянгийн дулааны цахилгаан станц нь бүрэн чадлаар жилд 3.7 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлж, нэмэлтээр 100 ГКал.цаг дулаан үйлдвэрлэх тооцоололтой байна. Манай улсын хувьд IV ДЦС-аас хойших том чадлын, суурь горимд ажиллах, цахилгаан болон дулаан хослуулан үйлдвэрлэх эх үүсвэр гэдэг утгаараа нэн чухал бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан чадал 660 МВт аар нэмэгдэнэ гэсэн үг.
Улсын хэмжээнд авч үзвэл 2024 онд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг бодитоор 300 гаруй МВт-аар нэмэгдүүлж, ойрын гурван жилийн хугацаанд 1000 гаруй МВт хүчин чадал ашиглалтад орох бүтээн байгуулалтууд идэвхтэй өрнөж байна.
Суурилагдсан чадлыг бодитой нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт бол Дорнод аймгийн Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт ын өргөтгөл. Арав гаруй жил яригдаж, 2019 онд эхэлсэн энэхүү өргөтгөл энэ оны гуравдугаар сард бодит ажил боллоо. Өвлийн их ачааллаас хуваалцан Чойбалсангийн ДЦС 86 МВт бүрэн хүчин чадлаар ажиллаж байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 30 МВт хүчин чадалтай ДЦС-ыг бүтээн байгуулж байна. 2022 онд эхэлсэн станцын үндсэн байгууламж, мөн 110 кВ-ын 61 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил дуусах шатандаа орсон амжилтаар 2024 оныг үдсэн. Тэгвэл энэхүү “Тосон” ДЦС-ын эхний 9 МВт чадлын блок сүлжээнд залгагдаад байна.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 70 МВт чадалтай ДЦС-ын барилга угсралтын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн. 2025 оны наймдугаар сараас эрчим хүч үйлдвэрлэж ТБНС-ний ачаалалд оролцохоор төлөвлөжээ.
Эрчим хүчний яамны мэдээллээр 2024 онд ногоон, цэвэр эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэрүүд ашиглалтад орсон байна. Тухайлбал арваннэгдүгээр сард өндөр хүчдэлд залгасан Багануурын батарей хуримтлуурын станц. Гэрээ байгуулснаас хойш гурван сар буюу асар богино хугацаанд барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад оруулсан юм. Багануурын батарей хуримтлуурын станц нь өвлийн оргил ачааллын үед 20-25 мянган өрхийг цахилгаанаар дөрвөн цагийн турш хангаж байна.Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлууртай хослуулсан шийдлийг 80 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур бүхий 30 МВт нарны цахилгаан станцын төсөл харуулж байна. Энэ оны зургаадугаар сараас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт цэвэр эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг наймдугаар сард улсын комисс хүлээж авсан. Энэхүү станц ашиглалтын 25 жилийн хугацаандаа 415 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.
Түүнчлэн, хувийн хэвшлийн үйлдвэр, тэр дундаа уул уурхайн аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээндээ зориулан бага чадалтай эх үүсвэрүүд барьжээ. “Ачит Ихт” компани 2 МВт чадалтай нарны цахилгаан станц болон 1 МВт.цагийн цэнэг хуримтлуурын системийг дурдаж болох юм. Мөн “Монголын Алт” (МАК) нь Хятадын Huawei компанитай хамтран нарны цахилгаан станц байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг үзэглэсэн. Гэрээний хүрээнд 40 МВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц болон 90 МВт.цаг багтаамжтай цэнэг хураагуур барихаар төлөвлөж байна. Жил бүр 70 сая кВт.цаг ногоон эрчим хүчээр Төв, Дорноговь, Дундговь аймаг дахь МАК-ийн үйлдвэр, уурхайнуудынхаа хэрэглээг хангах зорилттой.
0 cэтгэгдэлтэй