“МОНГОЛ СОЁЛЫН ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ” НОМЫН НЭЭЛТ БОЛНО

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын шинэ бүтээл болох “Монгол соёлын тайлбар толь бичиг” ном хэвлэгдэн уншигч судлаачдын гар дээр очиход бэлэн боллоо.

Энэхүү бүтээл нь угсаатны зүй, соёлын хүн судлалын шинжилгээний үндсэн дээр монгол соёлын онолын концепцийг боловсруулж, соёлын долоон гол чанарыг тодорхойлсон нь соёл судлалын салбарт чухал хувь нэмэр оруулах бүтээл болсон юм.

Тус номд монгол соёлын мөн чанар, бэлгэдэл голлосон тэмдэг бүхий тогтолцоог онцолсон бөгөөд монгол хүний өдөр тутмын амьдралын зан үйл, нэгэн насны мөчлөгт зайлшгүй хэрэгцээтэй сэдвүүдийг тодорхойлон, эрэмбэлэн гаргаж, нялхсын ухиал, даахь үргээх, хуримлах, оршуулах гэх мэт олон чухал сэдвүүдийг тусгасан байна.

Номын эхний титим үгийг “Энэ дэлхийн бүх монгол хүнд зориулав” гэж бичсэн нь язгуур монгол соёлынхоо тулгийн чулууг хойч үедээ бичиж үлдээх гэсэн зорилгыг агуулж зөвхөн соёл судлаачдын хэрэгцээнд төдийгүй монгол айл өрх бүрийн оюуны хэрэгцээнд байх соёлын боловсролын гарын авлага болох бүтээл болжээ.

Тус номын нээлт 03 дугаар сарын 21-ний өдрийн 11:40 цагаас “Үндэсний төв номын сан”-гийн шинэ байрны нэг давхарт “Номын өргөөнд” болно.