
1-р сарын 27-ны өдөр ОХУ-ын түүхэн дэх чухал өдрүүдийн нэг. Дэлхийн II дайны буюу 1943 оны энэ өдөр Зөвлөлтийн Ленинград (өнөөгийн Санкт-Петербург) хотын бүслэлтийг сэтэлсэн өдөр юм. Энэ бол дэлхийн II дайны шийдвэрлэх мөчүүдийн нэг байсан билээ.
Түүхэн үйл явдлыг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский Дом”-д өчигдөр “Бүслэлтийн талх” хэмээх дурсамжийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Дэлхийн II дайны үед Ленинград хот 872 хоног бүслэгдэхэд хотын оршин суугчдын гуравны нэг буюу ойролцоогоор 623.253-аас 1 сая 93 мянган хүн амиа алдсан гэдэг. Хүүхэд насаа өлсгөлөн, дайн, бөмбөгдөлт дунд өнгөрүүлсэн Ленинградынхны дурсгалд зориулан бүтээсэн “Амьдралд хамгийн чухал нь амьдрал өөрөө” (Самая важная в жизни сама жизнь) баримтат киног энэ үеэр үзүүлсэн юм. Тус кинонд иргэд хотоо хэрхэн хамгаалж, амьдралын төлөө тэмцсэн тухай, мөн хүүхэд нас нь бүслэлтэд өнгөрсөн хүмүүсийн тухай өгүүлжээ.
Хоёр жил гаруй хугацаанд бүслэлтэд байснаас хүнсний нөөцгүй болсон тус хотод нэг хүнд өдөрт ердөө л 125 грамм хар талх картаар олгож байсан түүхтэй. Энэ бүхнийг бодитоор мэдрүүлэхийн тулд тэр үеийнх шиг хувцасласан хүмүүс уг үйл ажиллагаанд оролцогсдод 125 грамм хар талх тарааж байв.
Ленинград хотын бүслэлтийн үеэр хоёрхон настай байсан Галина Круглова хэмээх өндөр настай эмэгтэй онлайнаар холбогдож дайны үед ямар байсан талаар ээжийнхээ ярьсан дурсамжаас хуваалцсан юм.
Дэлхийн II дайнд, ялангуяа Зөвлөлт Холбоот Улс ялалт байгуулахад Монгол Улс ихээхэн үүрэг гүйцэтгэснийг уг үйл ажиллагааны үеэр ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал Павел Петрунин онцолж байлаа. Монголын ард түмэн Зөвлөлтөд харамгүй тусалж, монгол эмэгтэйчүүд алтан ээмэг, бөгжөө хүртэл хандивлаж байсан бөгөөд үүнийг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй хэмээн тэрээр хэлсэн үгэндээ дурдсан юм.
0 cэтгэгдэлтэй