АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛАХ, УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЙМАГ ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ГОЛ БОЛОМЖ ЮМ

Өвөрхангай аймгийн засаг дарга О.Пүрэвдорж, аймгийн удирдлагуудтай уулзаж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Өвөрхангай аймаг соёлын өв, дурсгалт газрууд дээрээ түшиглэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлснээр орон нутгийн эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, малчин өрх, хөдөө аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх боломж нөөц их байна.

Цаашид аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин, Хайрхан дулаан, Хужирт, Өлзийт сумдын нутаг дэвсгэрт авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн ч газар олголтын явц удаашралтай байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Мөн Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ боловсруулахад шаардагдах санхүүжилт болон эх үүсвэр шийдвэрлэх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг нэн тэргүүнд эхлүүлэхэд анхаарч ажиллана.

Өвөрхангай аймгаас Аялал жуулчлалын форумыг зохион байгуулж, асуудлуудаа тодорхойлон, жуулчдад зориулсан зочид буудал, жуулчны баазыг нэмэгдүүлэх, стандартуудыг сайжруулах, соёлын өв, ардын язгуур урлагийг хамгаалах, менежментийг сайжруулах замаар жуулчдыг татах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь салбарын хөгжлийг дэмжихэд эерэг үр нөлөөг бий болгожээ.