
Зам, тээврийн яамны салбарын хяналтын улсын ахлах байцаагчдыг чадавхжуулах нэгдсэн сургалт өнөөдөр (2025.03.11) зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлсэнтэй холбогдуулан 2023 оноос зам, тээврийн салбарт хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан ажиллаж буй. Иймд Зам, тээврийн яам салбарын аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн аюулгүй байдал, зорчигч тээвэр болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар Зам, тээврийн сайдын багцад авто зам, тээврийн салбарт 97 төслийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаас орон нутагт 200 гаруй авто зам, замын байгууламжийн ажил хийгдэх юм.
Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т багтсан 14 мега төслийн бүтээн байгуулалтын ажил, салбарын хөгжилд олон улсын жишигт шалгарсан аюулгүй ажиллагаа, хяналт шалгалтын арга барилыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд салбарын хяналтын байцаагчдын гүйцэтгэх үүрэг нэн чухал юм.
Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Орчин цагт зам тээврийн салбарын аюулгүй байдал техник технологийн хөгжлөө дагаад бас өргөн хүрээтэй болж байна. Тээврийн салбарын аюулгүй байдал дэд бүтэц, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, цахилгаан машин, ухаалаг тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын цахилгаан дугуй скүтер, иргэдийн технологийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгэмд аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх гээд олон чиглэлд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна.
Иймд ЗТЯ болон хамтран ажиллагч байгууллагууд, шийдвэр гаргагчдыг энэ асуудалд анхаарал хандуулж, аюулгүй байдлын тогтолцоог улам бүр боловсронгуй болгохыг шаардаж байна” хэмээн онцлов.
Үргэлжлүүлэн, “Тиймээс энэ удаагийн сургалтаар 2025 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хяналт шалгалтын зорилт, чиг үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өргөн хүрээтэй мэдээллийг өгөхөөс гадна тээврийн салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ хайсан, ажил хэрэгч уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үүний дараа Хяналт, үнэлгээний үндэсний хорооны сайдын мэндчилгээг тус хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж танилцуулав. Тэрбээр “УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын нэгэн том шийдвэр бол салбарын хяналтын асуудлын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Хяналт, үнэлгээний үндэсний хороо байгуулагдсан явдал юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд салбарын хяналт Монгол Улсын хэмжээнд суларсан, уялдаа холбоо тасарсан. Иймд өнөөдрийн сургалтад оролцож буй зам, тээврийн салбарын улсын нийт 115 ахлах байцаагч та бүхэнд амжилт хүсье” гэлээ.
0 cэтгэгдэлтэй