
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн 2025 оны 3 сарын 10-ны өдөр манай улсад эхэллээ.
Зөвлөгөөн нь энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Энэ удаагийн зөвлөгөөнд 11 улсын төмөр замуудын төлөөлөгчид, гадаад худалдаааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөллүүд оролцож байна.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь жил бүр хуралдаж тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны/экспорт, импорт, транзит/ хэмжээгээ харилцан зөвлөлдөн тохирдог. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн байна.
Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг.
УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ жил бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр ашигтай бүтээлч хамтын ажиллагаатай холбоотой гэдгийг онцлов.
0 cэтгэгдэлтэй