
Монгол, Америкийг холбосон анхны нислэгийг үйлдэж буй АНУ-ын “United airlines” авиа компанийн агаарын хөлөг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Токио хотоос Улаанбаатар руу хөөрөв. Нислэг эхлэхийн өмнө анхны нислэг эхэлж буй энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд ёслолын ажиллагаа болов.
Ёслолын ажиллагаанд:
• Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр;
• Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Б.Баярсайхан;
• АНУ-аас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Эван Т. Фэлсинг;
• “Нарита” олон улсын нисэх онгоцны буудлын Гүйцэтгэх захирал Акихико Тамура;
• “United Airlines” компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Патрик Куэйл
• “United Airlines” компанийн олон улсын зохицуулалт, бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Стив Морисси зэрэг зочид, төлөөлөгчид оролцлоо.
Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түвшинд өргөжин хөгжиж байгаа энэ цаг үед Хьюстон-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг нь зөвхөн Монгол, Америкийн хооронд бус Монгол, Японы хооронд ч хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, тэр дундаа бизнесийн шинэ боломжуудыг нээж, аялал жуулчлалыг өргөжүүлж, соёл, боловсролын солилцоог бэхжүүлэх юм.
“United Airlines” компани 2025 оны зуны улиралд долоо хоногт гурван удаа Токио–Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх юм.
#mongoliandiplomacy #mongolianembassy #GoMongolia #unitedairlines
0 cэтгэгдэлтэй