Кувейтийн сантай авто замын салбарт дахин хамтран ажиллана

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулахаар тус улсад ажиллах үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-тай уулзав. Энэ үеэрээ одоо хамтран ажиллаж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Кувейтийн сантай Монголын зам тээврийн салбар 2002 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2002-2015 онуудад Кувейтийн сангийн санхүүжилтээр Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн нийт 415 км авто зам барих төслүүдийг хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай “Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээр”-ийг 2018 онд байгуулан, Хэнтий аймгийн Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.