Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос Улсын Вьентьян хотноо албан томилолттой ажиллаж байна

Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд Лаос Улсын Нийтийн ажил үйлчилгээ, тээврийн сайд Нгампасунг Мөангманитай уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Нгампасунг Мөангмани Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн санал бодлыг бүрэн дэмжиж санал нэгдэж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс нь тээврийн харилцаа болох учраас хоёр яамны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр улсын хоорондын худалдааны хэмжээ бага байгаа ч цаашид нэр төрлийг нэмэгдүүлэх, брэнд бараа бүтээгдэхүүнийг солилцох сонирхол багагүй байгааг хэллээ. Тухайлбал, Лаос Улс нь Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах, Монголд жимс, ногоо болон мод модон бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой тул тээвэр логистикийн асуудлыг шийдэхэд хоёр тал анхаарч хамтран ажиллахыг санал болгов.

Мөн хоёр улс далайд гарцгүй орнууд тул хөрш орнуудаар саадгүй дамжин өнгөрөх, хилийн боомт холболт, далайн тээврийн чиглэлээр харилцан туслалцах, ялангуяа НҮБ болон бусад олон талт хамтын ажиллагааны механизмуудад харилцан биенээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.