Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум шаардана

Засгийн газрын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн хуралдаанаар Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барих ажлыг хэлэлцлээ. Уг төмөр замын ажлыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээллээ.

Энэ талаар Зам тээврийн сайд хэлэхдээ “Багахангайгаас Хөшигийн хөндий рүү тавих төмөр зам нь ойролцоогоор 102 км бол төмөр замчдын хэллэгээр дэлгэмэл уртаараа 140 км зам тавигдах юм.

Энэхүү төмөр замыг барих ажлыг ирэх гуравдугаар сарын 20-нд эхлүүлж, наймдугаар сарын 20 гэхэд дуусгана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байгаа бүх ачаа тээврийн терминалыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.

Засгийн газрын түрүүчийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх чиглэлд тавих төмөр замын зураг төсөл болон ТЭЗҮ-ийг богино хугацаанд боловсруулсан байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас барих, ашиглах эрхээ тогтоолоор авлаа. Уг төмөр замыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардах тооцоо гарсан” гэв.

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаас гаргах шийдвэрийг энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.