
Г.НАМХАЙДАГВА(1939-2025)
Иргэний агаарын тээврийн ахмад нисгэгч Гомбосүрэнгийн Намхайдагва 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, иргэний нисэхийн салбарт хүнд гарз тохиоллоо.
Г.Намхайдагва 1939 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд Гомбосүрэнгийн гурав дахь хүү болон мэндэлж, бага балчир насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөн 1948 онд Угтаалцайдам сумын бага сургууль, 1955 онд Лүн сумын ахлах сургуулийг дүүргэжээ.
1957-1960 онд Ардын армийн нисэх цэргийн ангид алба хашиж байхдаа үеийн нөхдөөсөө манлайлан шалгарч ЗХУ-ын Нисэхийн сургуульд элсэн суралцаж Иргэний агаарын тээврийн салбарт хөл тавих замналаа эхлүүлсэн байна. Сургуулиа төгсөж ирээд Ан-2, Ан-24 зэрэг агаарын хөлгийн нисгэгчээр тасралтгүй 27 жил ажиллажээ.
Ахмад цолтой, нисгэгч Г.Намхайдагвын хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Онц нисгэгч” цол, Цэргийн хүндэт “Цагаан морь” медаль, Иргэний агаарын тээврийн ойн медалиуд, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд, төрийн дээд “Алтангадас” одонгоор тус тус шагнасан байна.
Тэрбээр яруу найраг сонирхон шүлэг бичдэг, бусдын төлөө гэсэн эелдэг зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг нэгэн байв.
Нисгэгч хүнд байвал зохих дайчин, шударга, хөдөлмөрч зантай, цэлмэг хөх тэнгэртээ дүүлэн нисч явсан дайчин шонхор ахмад нисгэгч таны иргэний нисэхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг тань салбарын хамт олон үүрд дурсах болно.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК
0 cэтгэгдэлтэй