ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД А.С.НИКИТИНТЭЙ УУЛЗЛАА

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод албан томилолттой ажиллаж байна. Тэрээр 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин, Орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев нартай уулзлаа.

ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин 2025 оны 7 дугаар сард энэ албан тушаалд томилогдсон бөгөөд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтынхаа эхэнд ОХУ-ын Тээврийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилтыг хүслээ.

Сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурийг эзэлж буй тээврийн салбарын талаар харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын хамтарсан төмөр зам болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар санал бодлоо илэрхийлж, Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т багтсан төмөр замын төв коридорыг шинэчлэх хамтарсан ТЭЗҮ-ийг нэгтэх, Төмөр замын тээврийн тухай шинэчилсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг ОХУ-ын Төмөр замын агентлаг-Росжелдортай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хэрэгжиж буй Багахангай – Хөшигийн хөндийн чиглэлийн салбар төмөр замын төслийн хэрэгжилтийн талаар танилцуулж, байр сууриа илэрхийллээ.

Мөн Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын манай улсад үзүүлэх нийгмийн ач холбогдол, Улаанбаатар хотод тулгамдаад буй олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй төсөл болохыг тодотгов.

Түүнчлэн энэхүү төмөр замын төслийг богино хугацаанд хэрэгжүүлж дуусгахад Оросын талын дэмжлэг чухал байгааг онцолж ,ОХУ-ын Тээврийн сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон Монгол Улсын нутгаар дайрах Зүүн төмөр замын төслийн талаар хөндөж, энэ төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын талтай ойр хамтран ажиллах, Эрээнцав-Чойбалсан хэсгийн төмөр замыг шинэчлэх, БНХАУ-ын талтай хамтарсан гурван талт уулзалт хийж энэ төслийн талаар хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

Сайдын зүгээс авто тээврээр хийгдэж буй тээвэрлэлт, ялангуяа дамжин өнгөрөх тээвэрлэлт саадгүй явагдаж байгаа болон нислэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

ОХУ-ын Тээврийн сайд Б.Никитин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, хөрш улсын хамтын ажиллагааг чухалчилж үзэхээ илэрхийллээ.

ОХУ-ын Засгийн газраас Горноалтайск мужид Монгол Улсын хилтэй холбогдож буй Чуйский тракт хэсгийн авто замыг шинэчлэн сайжруулах санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх жилээс зам барилгын ажлууд эхлэх болсон тухай танилцууллаа. Ингэснээр уг замын хүчин чадал нэмэгдэж, хоёр талын худалдаа, тээврийг дэмжинэ гэдгийг онцлов.

Сайд Б.Дэлгэрсайханы зүгээс хөндөж ярьсан асуудлууд, ялангуяа Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын төслийн нийгмийн ач холбогдлын талаар сайн ойлгож байгааг хэлээд, холбогдох мэргэжлийн байгуулагуудад яаралтай судалж танилцуулахыг үүрэг болгоно гэв.

Түүнчлэн Монгол Улсын зүүн бүсийн төмөр замын төслийг Оросын тал анхаарч сонирхож байгаа бөгөөд Хятадын талтай зөвлөлдөж байр сууриа нэгтгэхийг дэмжив.

Сайд Б.Никитин сүүлийн үед Оросын тээврийн салбарт нэвтэрч буй техник технологийн талаар танилцуулж, Б.Дэлгэрсайханыг ОХУ-д айлчилж эдгээр техник технологийн дэвшлүүдтэй танилцахыг урилаа

Уулзалтаар талууд хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг илүү тодорхой болгох зорилгоор тус тусын ажлын хэсгийг байгуулж, хамтран ажиллахаар санал нэгдэв.